Шуурхай
Шуурхай мэдээ уншиж байна...
“ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн эрчим хүчний нүүрс 84.72% өсөлттэй арилжаалагджээ
Корпорацийн мэдээ ба Уул уурхай2026-04-30 17:23

“ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн эрчим хүчний нүүрс 84.72% өсөлттэй арилжаалагджээ

Amarsanaa Sunduijav

Verified Editorial

2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монголын хөрөнгийн бирж-д уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны өсөлтийн дээд үзүүлэлт шинэчлэгдэж, зах зээлийн идэвхжил эрчимжиж байгааг харуулсан онцлох үйл явдал боллоо.

Өмнө нь, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн арилжаагаар Тавантолгой ХК-ийн 16 багц буюу 102,400 тонн хагас барьцалдах нүүрс тонн тутамдаа 36 ам.доллароос 64 ам.доллар болж, 77.78 хувийн өсөлт үзүүлэн тухайн үеийн дээд амжилтыг тогтоож байсан. Энэ нь нүүрсний зах зээлд эрэлт нэмэгдэж буйг илтгэсэн чухал дохио болж байв.

Харин энэ удаа уг үзүүлэлт шинэчлэгдэж, мөн л Тавантолгой ХК-ийн 8 багц буюу 51,200 тонн эрчим хүчний нүүрс (суб-битумт, сул барьцалдах төрөл) тонн тутамдаа 36 ам.доллароос 66.5 ам.доллар хүртэл өсөж, 84.72 хувийн огцом өсөлттэйгээр арилжаалагдлаа. Энэ нь өмнөх дээд амжилтыг давж, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны түүхэнд шинэ хуудас нээсэн үзүүлэлт болж байна.

Энэхүү өсөлт нь эрчим хүчний нүүрсний зах зээлд худалдан авагчдын идэвх, сонирхол эрс нэмэгдэж байгааг илтгэж байгаа бөгөөд цаашид нүүрсний үнэ болон арилжааны хэмжээ өсөх хандлагатай байж болохыг шинжээчид онцолж байна. Мөн энэ нь дотоодын биржээр дамжих уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа улам идэвхжиж, ил тод, өрсөлдөөнт орчин бүрэлдэж байгааг харуулсан чухал үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж ХК

Нүүрс арилжаа